2010-04-10
Хойрго, хойшлуулдаг зангаа яаж засах вэ?
  • Та ямар ч зүйлийг хийхдээ заавал цагийг нь тулгачих гээд байдаг уу?
  • Сүүлийн цаг мөчид л сандарч яарч байж их зүйлийг амжуулдаг уу?
  • Тэгээд үүндээ сэтгэл тайвширч, аль ч зүйлийг цагийг нь тулгаж хийдэг муу зуршилтай болчихсон уу?
     Бидний ихэнхэд маань дээрх дутагдлууд байдаг аж. Магадгүй, бүр жаахан хүүхэд байхдаа олж авсан зуршил ч байж мэднэ. Аав, ээж нь ажилдаа явчихаад, ганцаардаж үлдсэн бараг бүх хүүхдүүд зурагт үзэж, эсвэл тоглосоор байгаад гэрийн даалгавраа ч хийхдээ цагийг нь тулгадаг буруу зуршилтай болж эхэлдэг. Ийм явдал ахлах анги, их, дээд сургуульд ч түгээмэл болсон нь үнэн юм.
     Бичихэд зарцуулсан хугацаанаасаа илтгэл, тайлан, бие даалтын ажил, рефератын чанар тун бага хамаарч байгаа нь ихэд гайхшруулдаг байлаа. Тэдэнд даалгавраа хийх хангалттай цаг өглөө ч гэсэн ихэнх оюутнууд зүгээр, заримдаа албаар юм шиг юу ч хийлгүй хүлээсээр байгаад эцсийн мөчийг тулгачихдаг.
     Бидний ихэнхэд маань ийм зуршил сургуулиас эхлээд олон жилийн турш хэвшин төлөвшиж, юунд ч эвдэгдмээргүй болтлоо бат бэх болсон байдаг. Сурагч байх үед аливаа зүйлийн цагийг тулгалаа гээд ч төдий л хор хөнөөлгүй. Харин хожим, амьдрал дээр энэ зуршил нь танд л өчнөөн гай авчирсаар байдаг.
     Танд ийм хандлага байгаа бол та юу хийж чадах вэ? Хамгийн түрүүнд аливаа зүйлийг хийж дуусгах эцсийн хугацааг өөртөө тогтоогоод түүнийгээ баримталж, багтаан дуусгаж сур. Хэрэв цагт нь дуусгаж чадаагүй бол өөрийнхөө өмнө өгсөн амлалтаа биелүүлээгүйдээ өөрөө ичиж, гэмшиж занш. Өөрийгөө зэмлэн шийтгэ. Бусдад чаддаггүй юм гэхэд өөртөө үнэнч байх, өөрийгөө хий хоосон хуурдаггүй байх нь чухал. Дуусгах эцсийн хугацааг тогтоохгүй бол тэрхүү сүүлчийн мөч хэзээ ч ирэхгүй юм шиг сунжирсаар л, та ажил амьдрал дээрээ "хэлсэн амандаа хүрдэггүй, хойрго, гараас нь юм гардаггүй" гэх зэргээр шүүмжлэгдэн гоочлуулна.
     Хамгийн гол нь танд итгэх бусдын итгэл алдагдана. Тийм хүний албан тушаал ахих боломж нь ч буурсаар байдаг. Эцсийн хугацааг товлохдоо зүгээр л нэг тохиолдлоор сонгох хэрэггүй. Болж өгвөл таныг шавдуулсан, зүгээр суух аргагүй, тайвшрах боломжгүй шахуу хугацаа өөртөө өгвөл таныг нилээд гялалзуур, ажил хэрэгч, цагийг үнэлдэг болж сурахад тустай. Таны амьдралд үүсэх хүндрэл бэрхшээлийн нилээд хэсгийг бий болгоход энэ л муу зуршил тань хувь нэмрээ оруулж байдаг.
     Эцсийн хугацаагаа тогтоосноор та буруу зуршлынхаа эсрэг ажиллаж эхэллээ гэсэн үг. Тэр хугацааг та биш өөр хүн тогтоосон байлаа ч гэсэн дуусгах хугацаа ойртох тусам өөрийнхөө "арааг залган" шавдуул.
     "Энэ ажлаа хийж, ийм үр дүнд хүрэх ёстой, дараа нь төдөн гэхэд дараагийн тийм ажилдаа орно" хэмээн сайтар тооцсон ажил хэрэгч сайхан хүмүүс өнөөдөр олширсоор байна. Та ч бас тэрхүү шилдэг цөөнхөд тэмцэн орж багтаж чадваас зөв санаа өгч тусалж чадсандаа би ч баярлана. Мөн "энэ ажлыг би төдөн гэхэд дуусгавал дараа нь үргэлжлүүлэн хийх хүнд эвтэйхэн болно, би өөрөө төдөн гэхэд энэ ажлаас чөлөөлөгдсөн байх ёстой" хэмээн тооцоолж байж дуусгах хугацаагаа товлоорой.
     Хэрэв та хурдхан л дуусмаар байгаа бол шахуу хугацаа товлоод одоо шууд эхэлж яагаад болохгүй гэж. Заавал шөнө орой, ажил тарсны дараа олон цагаар суулгүй амжуулж ч болно шүү дээ. Чухам ийм л учраас эцсийн хугацаа өөртөө тогтоож, биелүүлж сурвал нэгэн сайн анд найзтай боллоо гэсэн үг юм.
Өөрийн шийдвэрээ хүндэлж, амласан цагтаа дуусгаж сур.
Тэгвэл та ихийг амжуулж чаддаг чухал нууцыг эзэмшиж чадна.
Эргэн тойрны хүмүүс тань ч ойлгон хүндэлж эхэлнэ.
Хэн ч таныг өөчилж, гоочилж чадахгүй болж ирнэ.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих