2010-03-25
Буруу зуршлаас яаж салах вэ?
     Цаг гэж үнэхээр хачин. Яагаад хачин гэж? Яах юу байх вэ. Хангалттай цаг хэзээ ч олдохгүй юм шиг санагддагт л хачин нь байгаа юм. Бүр цаг зав хангалттай юм шиг санагдаж байх үед ч тэр.
     Хүмүүс бид бүгд л завтай байж, өөрийн хийх дуртай бүх зүйлээ хийж байхсан гэж мөрөөддөг аж. Орчлонгийн бүх л хүмүүс яг ижилхэн 24 цагтай, шударга тэнцүү байх атал зарим хүмүүс танаас хавьгүй ихийг амжуулж бүтээсэн байдаг.
     Гэтэл үнэндээ бол цагийн тоо дутсаных биш, харин өөрийн үнэт цагаа ямар хэрэглээнд зориулан сонгож байгаад л асуудлын гол нь байдаг аж. Хамгийн түрүүнд завтай болохсон гэж зүгээр л хүсэж явахаа больж, цагаа би яаж ашиглаад байна гэж сайтар хянан бодоод, илүү чадамгай сонголт хийж сурах хэрэгтэй. Цагаа ухаалгаар, чадварлаг зарцуулахыг сурч авснаар та хүсэж мөрөөдөж явдаг зүйлдээ зориулах илүү цагийг бий болгож чадна.
     Бидний сонголтын ихэнх нь ухамсаргүй хийгддэг. Тэгсээр байгаад хэвшмэл зуршил болчихдог. Тиймээс сонголтоо илүү сайн хийхийн тулд эхлээд өөрөө ямар зуршилтай болчихсон байгаагаа хянаж үз. Зуршил маань та бидний хийгээд байгаа ихэнх зүйлийг хянаж, гартаа авчихсан байдаг. Гол хүндрэл нь гэвэл бид өөрсдөө ямар зуршилтай болчихсноо төдий л анзаарахгүй явдаг.
     Зуршил гэдэг маань юу билээ? Бид байн байн давтан хийсээр байгаад хэвшиж, заншсан, бүр автоматаар хийж байдаг зүйлс маань зуршил юм. Магадгүй, бид тэдгээр хийдэг зүйлсээ бүүр зуршил, заншил болгохыг хүсээгүй ч байж мэднэ. Гэхдээ ердөө л, зүгээр дахин давтан хийсээр байтал хэвшмэл зуршил болж ирдэг.
     Тэдгээр үйлдлүүд нь ухамсартай эргэцүүлэн бодохыг шаарддаг ч үгүй. Дассан зүйлсийг хийхэд тархины дэд ухамсрын түвшинд программчлагддаг учир, бодож сэтгэх шаардлагагүйгээр гүйцэтгэж байдаг.
     Ийнхүү бид зуршлаа бий болгосноор тэдгээр зуршил нь бидний хийж байгаа бараг бүх зүйлийг хянаж эхэлнэ. Өөр шинэ зуршлаар хуучнаа солих хүртэл энэ нь үргэлжилнэ. Үүнээс өөрийгөө аврая гэвэл муу зуршлаа өөр сайн зуршлаар солих явдал юм. Гэхдээ эхлээд өөрийн зуршлаа сайн, муу эсэхийг оношлох ёстой.
     Зуршлаа оношлохын тулд бид биеэ яаж авч явдгаа судалж, анализ хийх ёстой. Бидний сайн муу ямар нэгэн зуршлыг олж харж уу гэдгийг аливааг голоор нь дүгнэж чаддаг бусад хүмүүсээс асууж болно. Түүнчлэн бид тодорхой нөхцөл байдалд ямар байдлаар хариу үйлдэл хийдэг, ямар сонголт хийдгээ бүр тусгай дэвтэрт тэмдэглэж болно. Ямар сонголт хийж, юу хийж байгаагаа хянаж эхэлснээр хүн яаж биеэ авч явдгаа илүү мэдэрдэг.
     Зөв, сайн зуршилтай болох, эерэг өөрчлөлт гаргахад амаргүй боловч эцэстээ танд заавал шагнал ирдэг. Өөрийгөө илүү гүнзгий танин мэдэхэд цагаа зарцуулж байхдаа яг ямар зуршлаа өөрчлөх гэж буйгаа оновчтой тань. Дараа нь түүнийгээ өөрчлөх дэс дараалсан алхмуудыг цаасан дээр буулгаж бич. Тэгээд хийж эхэл. Ингэж чадвал бид цагаа илүү үр дүнтэй, оновчтой хэрэглэж, илүү дээр сонголтуудыг яаж хийхийг мэдэж авна.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих